“ЭРДЭНЭТ-ХӨГЖИЛ 2021” ЭЗФ: САЛБАР БҮРИЙН МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУС “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХҮНИЙ НӨӨЦ”-ИЙН СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИЛАА

ЭРДЭНЭТ ХӨГЖИЛ-2021 эдийн засгийн форум 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн эхний хэлэлцүүлэг “Мэдээллийн технологи, хүний нөөц” сэдвийн дор  үргэлжилж, салбар бүрийн манлайлагч залуус цаг үеийн сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавилаа.

ШУТИС-ын ЭЦДС-ийн тэнхимийн эрхлэгч Ph.d Д.Заяабаатар- Блокчейн технологи

Блокчейн технологи гэдэг нь энгийнээр цахим бүртгэлийн систем юм. Блокчейнийг нэг дэвтэр гэвэл блок нь нэг хуудас, олон хуудсууд нэгдээд гинжин холбоо үүсгэж блокчейн болж байна гэсэн үг.  

Тус технологи нь жигд тархалттай байдаг учраас нэг хүн эсвэл нэгж хянах боломжгүй, өмнөх мэдээллийг засах боломжгүй, аюулгүй байдлыг хангасан шифрлэлттэй, блокчейнээр хийгдсэн бүх гүйлгээ нийтэд ил тод байдгаараа онцлогтой. Бүх төрлийн өгөгдлийг хадгалах боломжтой учраас банк санхүү, эрүүл мэнд, худалдаа, үл хөдлөх зэрэг бүх салбарт ашиглах боломжтой.

Монголд блокчейн технологид суурилсан ард койн, их койн, зэс койн зэрэг дотоодын криптовалютуудыг амжилттай гаргаж хэрэглээнд нэвтрүүлээд байна.  Крипто төслүүдийн ихэнх нь олон улсад гарах зорилготой. Хэрэв олон улсад гарч чадвал улсдаа их хэмжээний вальютын орлогыг татах боломжтой.

Монгол банкны мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа- Төрөөс баримтлах мөнгөний бодлого- 2022 он

Монгол банк ирэх жил жилд цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгийн сэргэлтийг дэмжих, уул уурхайн экспортыг дэмжих, орон сууцны ипотекийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, чанаргүй зээлийг барагдуулах хугацааг богиносгох хууль эрхзүйн шинэтгэлийг хийх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж санхүүгийн зах зээлийг ногоон зах зээлд шилжүүлэх, “Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх гэсэн үндсэн 7 чиглэлд төвлөрч ажиллана.  

Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд инфляцийг тогтворжуулах, олон улсын сайн стандартуудыг нутагшуулах, цар тахлын үед зээлдэгч дээр ирж буй дарамтыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээг сулруулж хэвийн горимд шилжүүлэх, банкууд хувьцаат компани  болохтой холбоотойгоор Монгол банк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах зэргээр бодлогын бичиг баримтад тусгаад байна.

Ковид гарснаар Монголын эдийн засаг нэг жилээр, дотоодод тархсанаараа 2 жилээр ухарсан.   

“I TOOLS” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир- Цахим шилжилтийн концепц, боломж

Аж үйлдвэрийн анхны хувьсгал болох газар тариалангийн хувьсгал 100 мянган жилийн өмнө  гарснаас хойш хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлд хувьссаар  4 дэх хувьсгалтайгаа нүүр тулаад байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу цахим шилжилтэд бид шилжсэнээр асар их цаг хугацааг хэмнэж, нийгмийн бүхий л институцийн үйл ажиллагаа хялбарших боломжийг бүрдүүлж байна.

Өнөөдөр бид facebook ашиглаж байгаагаа, e-mongolia апп ашиглаж хуулбар авч байгаагаа бид цахимд шилжиж байна гэж ойлгож болохгүй. Нийгэм, эдийн засаг, улс төрийн салбар дата мэдээллийн баазаа эргэн харж, цахим шилжилтэд  хөрвөх зайлшгүй шаардлага тулгарч байна.  Эрдэнэт хот 1,5 жилийн хугацаанд Цахим-аймаг болох боломжтой гэж би хувьдаа харж байна.  

“FIBO CLOUD” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Пүрэвбазар- Монгол компаниуд ба үүлэн технологи

Технологийн хөгжил маш хурдацтай явагдаж байна. Нэг өглөө сэрэхэд л шинэ технологи гарчихдаг. Ковидын нөхцөлд олон ойлгомжгүй зүйл байгаа ч бидэнд нэг л зүйл тодорхой байна. Энэ бол цахим шилжилт. Бидний ковидын нөхцөл байдалд хил хязгааргүй зарж болох зүйл бол “технологи” юм. Технологиудыг сайн нутагшуулж, хэрэглүүлж,  үр шимийг нь ойлгуулахад “ковид” сайнаар нөлөөлсөн.

Бид зөвхөн интернетээр худалдаа хийх биш үндэстнээрээ дижитал ямар бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлж болох вэ гэдгийг бодох цаг болсон. Монгол инженерүүд дижитал орчинд  нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний дата өгөгдлийг найдвартай хадгалах, дамжуулах баазыг бий болгохоор зорьж ажиллаж байна. Тус дата бааз бий болсноор тухайн байгууллага дэд бүтэцдээ санаа зовохгүйгээр зөвхөн бүтээгдэхүүн сайжруулалтандаа анхаарлаа хандуулаад явах боломжтой.

Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Х.Одхүү- Орхон аймагт шаардлагатай мэргэжилтнүүд, тэдгээрийг бэлтгэх бодлого

2020 оны байдлаар Орхон аймгийн нийт хүн ам 107 мянгад хүрсний  71 мянга гаруй нь хөдөлмөр эрхлэх насны иргэн байна. Үүнээс ажил эрхэлж буй 37 мянган иргэн байдаг бол  үлдсэн 33 мянга орчим иргэн нь ямар нэг шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй. Тодруулбал, ажиллах хүчнээс гадуур байгаа эдгээр иргэдийн 10 мянга орчим нь тэтгэвэрт,  2 мянга гаруй нь хөдөлмөрийн чадвараа алдсан, 9 мянга гаруй  нь сургуульд сурдаг гэх мэт  тодорхой шалтгаантай байдаг бол  5843 иргэн тохирох ажил олдохгүй байгаа, ажил эрхлэх сонирхолгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа бий.

Орхон аймгийн төрийн байгууллагад барилгын ерөнхий инженер, аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчин, цахилгааны инженер, физик-химийн лаборант, ландшафт инженер, төслийн мэргэжилтэн, судлаач инженер зэрэг 30 гаруй  мэргэжилтэн  шаардлагатай байна