“Эрдэнэт хөгжил-2021” эдийн засгийн чуулга уулзалтын хоёр дахь хэлэлцүүлэг “Технологи, инноваци” сэдвээр үргэлжилж байна. ШУТИС-ЭЦДС-ийн дэд захирал Ц.Төгсбуян:

Манай сургуулийн эрдэмтэн, судлаачид хамтран Орхон аймгийн ирээдүйн хөгжил, шийдвэр гаргалтад чухал нөлөөтэй хэд хэдэн томоохон судалгаа, шинжилгээг хийж байна. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг агаараас тандан судлах судалгааны ажлыг 3 жилийн хугацаатай судлаад явж байна. Тус судалгаа хийснээр хуримтлагдсан хаягдлыг дахин боловсруулах боломжийг судлах, хаягдлын аж ахуйн 3D загварыг гаргах, цагаан тоосны тархалтыг тодорхойлох өндөр ач холбогдолтой. Одоогоор судалгааны ажлын гүйцэтгэл 80 хувьтай, үйлдвэрийн бүсийн 162 мянган га талбайд 1,4 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй өндөр нарийвчлалын топо, дэвсгэр зургийн өгөгдлүүдийг хийж гүйцэтгээд байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө яригдаж байгаа. Хэрэв тус төсөл биеллээ олвол бид сургуулиа кампус хэлбэрээр хөгжүүүлж, “Хагас үйлдвэрлэлийн судалгааны цогц лаборатори” байгуулахаар төлөвлөсөн.