Орхон аймагт эрэлттэй байгаа тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг танилцууллаа

2020 оны байдлаар Орхон аймгийн нийт хүн ам 107 мянгад хүрсний 71 мянга гаруй нь хөдөлмөр эрхлэх насны иргэн байна. Үүнээс ажил эрхэлж буй 37 мянган иргэн байдаг бол үлдсэн 33 мянга орчим иргэн нь ямар нэг шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхэлдэггүй аж. Тодруулбал, ажиллах хүчнээс гадуур байгаа эдгээр иргэдийн 10 мянга орчим нь тэтгэвэрт, 2 мянга гаруй нь хөдөлмөрийн чадвараа алдсан, 9 мянга гаруй нь сургуульд сурдаг гэх мэт тодорхой шалтгаантай байдаг бол 5843 иргэн тохирох ажил олдохгүй байгаа, ажил эрхлэх сонирхолгүй гэсэн шалтгаанаар хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа гарчээ. Тус судалгааг Орхон аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Х.Одхүү “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форумын үеэр “Орхон аймагт шаардлагатай мэргэжилтнүүд, тэдгээрийг бэлтгэх бодлого” сэдвээр илтгэл тавихдаа танилцуулсан юм. Мөн тэрээр Орхон аймагт ирэх жилүүдэд баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан шаардлагатай ажлын байрыг танилцууллаа. Үүнд, барилгын ерөнхий инженер, аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчин, цахилгааны инженер, физик-химийн лаборант, ландшафт инженер, төслийн мэргэжилтэн, судлаач инженер зэрэг ихэвчлэн инженер техник ийн мэргэжилтнүүд дутмаг байдаг юм байна.

Эдгээр мэргэжилтнүүд дутмаг байгаагийн шалтгаан нь нэг талаас тухайн ажлын байр нь мэргэжилтний хүсэл сонирхлыг хангаж чадахгүй байна. Тухайлбал:

• Цалин, хөлс хангалттай хүрэлцэхүйц биш

• Нийгмийн баталгаа зохих түвшнээс доогуур

• Төрийн алба эсвэл орон нутагт амьдрах хүсэлгүй

• Ажиллахын хажуугаар мэргэжил дээшлүүлэх нь бэрхшээл ихтэй

• Хэтэрхий өндөр шаардлага тавьдаг гэх мэт шалтгаанууд нь тухайн ажлын байрны шалгуурт тэнцэх боловч ажиллах хүсэлгүй байгаа, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийг түлхэх хүчин болж байна.

Нөгөө талаас мэргэжилтэн өөрөө тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа нь ажлын байрны дутагдал үүсэх шалтгаан болжээ. Тухайлбал:

• Ажлын байранд тохирох нарийн мэргэшлээр мэргэшээгүй

• Ажлын байранд шаардагдах мэдлэг, ур чадвар дутмаг

• Ёс зүй, сахилга хариуцлага муу

• Орон нутаг, төрийн албаны онцлог, мөн чанарыг ойлгодоггүй гэх мэт шалтгаанууд нь ажил олгогчийн зүгээс тулгамддаг асуудал болохыг онцоллоо.

Цаашид, Орхон аймагт шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, тухайн ажлын байрыг хадгалах чиглэлд төр бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага үүсжээ. Энэ чиглэлд эрэлттэй байгаа мэргэжлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох, хамтын ажиллагаатай гадаад улс орон суралцуулах, ажилтныг орон сууцаар дэмжих, гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэргээр дэмжих ажиллах юм байна.