“Зэскойн” төслийн санаачлагч Д.Заяабаатар: Блокчейн технологиос бид хоцрох ёсгүй

Орхон аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум энэ сарын 19-20 нд болно. Тус форумд “Блокчейн технологи” сэдвээр илтгэл тавих “Зэскойн төсөл”-ийг санаачлагч, доктор Д.Заяабаатартай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таныг “Зэскойн” төслийг санаачлагч гэдгээр тань Эрдэнэтийнхэн мэддэг юм билээ. Харин ажил, мэргэжлийн чинь хувьд сайн мэдэхгүй байх. Ажлаасаа ярилцлагаа эхлэх үү?

-Намайг Дагватөрийн Заяабаатар гэдэг. БНСУ-д программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн. Докторын зэргээ “Мэдээллийн аюулгүй байдал” сэдвээр хамгаалсан.  2012 онд Монголдоо ирж солонгост хамт суралцаж байсан найзуудтайгаа хамтран IT-ийн чиглэлээр компани байгуулж хэдэн жил ажилласан. Энэ хугацаанд Mobicom, Skytel зэрэг  томоохон компаниудын системийг хийхийн хажуугаар онлайн худалдааны “Мmarket” төслийг эхлүүлж байлаа. Үүнийг “Ард Санхүүгийн нэгдэл” компани худалдан  авч одоогийн “Ard Shop” буюу хэрэглэгчийнх тоо бараг 1 сая хүрсэн  онлайн худалдааны апп болсоныг хараад эхлүүлсэн ажил маань үр дүнтэй байгаад баярладаг. 2017 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт Цогцолбор” дээд сургуульд, 2021 оноос Секлаб ХХК-ийн захирлаар ажиллаж байна.

– Хүмүүс хөдөөнөөс хотруу нүүж байхад та хотоос нүүжээ дээ?

-Би Эрдэнэт хотод төрж өссөн.  Төрсөн нутгийнхаа хөгжил, дэвшилд  хувь нэмрээ оруулах юмсан,  орон нутагт IT-ийг  хөгжүүлэх юмсан гэсэн  зорилготой нүүж ирсэн. Ийм ч учраас  ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд IT-ийн тэнхмийн эрхлэгчээр 4 жил ажиллалаа.   Улаанбаатар Эрдэнэтийг бодоход зах зээл томтой боломж, нөхцөл нь илүү ч Эрдэнэтэд өөрийн гэсэн онцлог, давуу тал их бий. Хүн амын нягтрал сайтай, мэдээлэл, технологийн дэд бүтэц харьцангүй сайн хөгжсөн учир бидэн шиг  онлайн бизнес эрхэлдэг хүмүүс заавал Улаанбаатарт амьдрах шаардлагагүй санагдсан.

Та сая орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэлээ. Бид хөгжихийн тулд юунаас эхлэх хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Хөгжлийг  боловсролоос эхэлдэг гэж  үздэг. Иймд эхлээд Эрдэнэтийн оюутан залууст  IT-ийн мэргэжлийг сайн эзэмшүүлчих юмсан гэж хичээж байна.  Дараа нь академик түвшинд сурсан зүйлээ яаж бизнест ашиглах вэ гэдгийг зааж байна. Үүний эхлэл болгоод “Зэс койн” төслөө эхлүүлээд байна. Энэ нь хүмүүс сурталчилгаа үзээд үүнийхээ урамшуулалд койн авч түүнийг  буцааж бирж дээр борлуулаад орлого олох боломжтой гэсэн үг юм.  Орон нутгийн компаниудаас анх удаа шинэ крипто валют гаргаад байна.

-Ахиц хэр байна вэ?

-Бид 8 сарын 30 нд нээлтээ хийсэн. Чамгүй амжилттай байгаа. Манай ZesCoin Wallet аппликейшн саяхан 50 мянган хэрэглэгчтэй боллоо. Үүнийг бид гайгүй үр дүн гэж дүгнэж байна. Он дуусахаас өмнө 100 мянган хэрэглэгчтэй болох зорилт тавьсан. Хэрэглэгчийн тоо нэмэгдэхийн хэрээр байгууллагуудын сурталчилгааг түгээх суваг өргөжинө. Ингэснээр манайд сурталчилгаа өгөх байгууллагуудын мэдээлэл олон хүнд хүрнэ гэсэн үг. Хэрэглэгчид харин тэдгээр байгууллагуудын сурталчилгааг үнэгүй үзээд урамшуулалд нь койн авна. Койн үнэгүй авах боломж нь энэ. Манай зэс койн CompleX  бирж болон Монгол Чат апп дээр арилжаалагдаж байгаа. 9-р сарын 7-нд IEO буюу анхдагч зах зээлийн захиалга авсан. Энэ захиалгаар зэс койныг анхны үнэ нь 1 төгрөгөөр 1500 гаруй хүн худалдаж авсан байгаа.   9-р сарын 28-аас эхлээд  2 дах зах зээлийн нээлттэй арилжаа явж энэ хугацаанд анхдагч зах зээлээс авсан хүмүүс 50 хувийн ашигтай байна.

-Крипто валютын талаар хууль эрхзүйн орчин бүрдэх гээд төсөл хэлбэрээрээ хэлэлцэгдэж байна. Ямар ч гэсэн шат ахиж л байна.

-Тиймээ. Крипто валютын чиглэлээр дэлхий даяар хууль эрхзүйн орчин тодорхой бус ч Монголд хуулийн төсөл нь гарчихсан хэлэлцүүлгийн түвшинд байна. Ирэх оноос хэрэгжиж эхлэх байх.  Энэ хуулийн гол зорилго бол виртуал хөрөнгө гаргагч, виртуал үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад чиглэсэн.  Хуулийн зохицуулалтын гол шаардлага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс зайлсхийх сэргийлэхэд чиглэсэн. Иймд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк зэрэг байгууллагууд хяналт тавина.  Ирэх оноос энэ хууль батлагдвал Монгол улс крипто валютын зохицуулалтгүй орноос зохицуулалттай, хууль ёсоор зөвшөөрсөн орон болно. Дэлхий дээр зохицуулалттай орон маш цөөн. Хориглосон хэд, хэдэн орон байна. Ихэнх нь зөвшөөрөөгүй, хориглоогүй ажигласан байдалтай байгаа.

-Гэхдээ манайд крипто валютын талаар олон нийт хоёр хуваагдчихаад байна.   Хамгийн түрүүнд үүнийг ойлгуулахаас эхлэх байх даа?

-Зөв ойлголтыг түгээх нь  чухал. Блокчейн, Крипто валют гэж бий. Крипто валют нь дотроо койн, токен гээд хоёр янз байгаа. Монголд гаргасан крипто валютууд ихэнхдээ токен байгаа. Эдгээр нь хоорондоо бас ялгаатай. Жишээ нь ICT-ийн токен бол хувьцаагаар баталгааждаг бусад нь хувьцаагаар баталгаажаагүй. Биржийн токенууд бол койн эзэмшиж буй хүмүүстээ биржийн орлогоос хувь хүртээдэг. Койнууд мөн хэрэглэгчдээ урамшуулдаг, орлого олдог. Хувьцаа, бонд гэдэг шиг хөрөнгө оруулалтын шинэ чиглэл бий болгож байна. Банкны хүү нэг үеийг бодоход буурсан, гэхдээ хүмүүс инфляци өндөр байхад банкинд мөнгөө хадгалахаас илүү хөрөнгө оруулах сонирхолтой  байна. Энэ сонголтууд нь хувьцаа, бонд, компаниудад хөрөнгө оруулахаас гадна крипто валют нэмэгдэж байна. Крипто валютыг анхны үнээр нь авсан хүн урт хугацаандаа хөрөнгө оруулж байж ашигтай байдаг. Тиймээс иргэд сайн мэдээлэлтэй, судалгаатай, хэдий хэмжээний хөрөнгө оруулж, ямар хугацаанд, ямар ашиг хүртэх вэ гэдгээ тодорхойлсон байх хэрэгтэй. Түүнээс  биш богино хугацаанд  ашиг олох гэж, зээл аваад орж болохгүй.

 

-Та Эрдэнэт хөгжил-Эдийн засгийн форум дээр Блокчейн технологи сэдвээр илтгэл тавина. Таны илтгэлийн олон нийтэд өгөх гол санаа нь юу байх вэ?

-Би “Блокчейн технологи” илтгэлээрээ блокчейн  гэж юу вэ гэдэг талаар үндсэн ойлголт өгч үүний  цаана нь ямар технологи байгаа, энэ  бидэнд ямар боломж авчрах вэ гэдэг талаар ярина. Мөн крипто валютаар Блокчейныг харж болохгүй, Блокчейныг маш олон салбарт ашиглаж болдог гэдэг талаас нь мэдээлэл өгнө.

-Ямар, ямар салбарт ашиглах боломжтой талаараа ярьвал ?

-Крипто валютын цаана Блокчейн гээд технологи байгаа. Энэ технологи нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой. Энгийнээр харвал ямарваа нэг юмны бүртгэлийн систем гэсэн үг. Гэхдээ та бидний төсөөлж буй бүртгэлийн системээс ялгаатай нь энэ бүртгэлийг нэг байгууллага хянаж хийдэггүй, Блокчейн сүлжээнд холбогдсон бүх хүмүүс хяналт тавьж байдаг. Тэгээд нэг өөрчлөлт орлоо гэхэд бүх сүлжээ тэрнийг хүлээн зөвшөөрч байж баталгааждаг. Нэг хүн дангаараа дураараа өөрчлөөд байдаггүй. Нэг хүн, нэг байгууллагаас хамааралтай бус сүлжээний бүх гишүүдээс хамааралтай болгож өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар койн олборлодог олборлогчдын сүлжээгээр баталгаажиж, мэдээлэл нь тархаж байршиж байдаг.  Энэ нь бүртгэлийн систем учраас маш олон бүртгэлийн системийг Блокчейн технологийг ашиглаад хийж болно. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт өвчтөний мэдээллийг  хадгалахад ашиглаж болно. Тухайн хүний өвчтөний түүх нэг эмнэлэгт  хадгалагдах бус хувь хүн хүсвэл очиж үйлчлүүлсэн эмнэлэгт нь хэрэгтэй мэдээллийг  харуулах боломжтой. Мөн зам тээвэр, уул уурхай, эрчим хүч гээд бүх л салбарт ашиглах боломжтой, энэ нь олон давуу талыг бий болгодог.  Дэлхий даяар энэ технологийг бас олон салбарт нэвтрүүлж байна. Энэ шинэ технологиос Монгол улс хоцроод үлдэж болохгүй, одоогоор манай компаниуд шинээр койнууд гаргаад, эхнээсээ хэрэглээнд амжилттай нэвтэрч эхэлж байна. Үүнийгээ улам олон салбарт нэвтрүүлэх  боломж бидэнд байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Эрдэнэт хөгжил 2021 эдийн засгийн форумын үеэр  уулзацгаая. Танд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!