Г.ЭНХБАЯР: МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙГ ХӨГЖҮҮЛСЭН ХОТ БОЛОХЫН ТУЛД “ЦАХИМ ЭРДЭНЭТ 1” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

-Манай аймаг цахимд шилжихэд давуу болон сул тал юу байна? 
– Бид өнгөрсөн оны төгсгөлөөс эхлээд энэ хөтөлбөрийг боловсруулах ажилдаа орсон. Өмнө нь ч гэсэн ийм агуулгатай хөтөлбөр батлагдсан байсан учир нэмж боловсруулж судлах ажил гарсан. Ингээд төр, хувийн хэвшлийн байгууллага, судлаачдын төлөөлөл нэг баг болж ажилласан. Хөтөлбөрийн гол зорилго бол мэдээллийн технологи, инженер, инновацийн шийдэлд үндэслэн  хүний ажиллаж амьдрах, бизнес эрхлэх, иргэдийнхээ таатай нөхцлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот бий болгоход чиглэсэн юм.
Эрдэнэт бол газар нутаг багатай, хүн амын нягтралаараа монголдоо тэргүүлдэг. Тэгэхээр энд ямар нэгэн технологийн төсөл хэрэгжүүлэхэд маш хялбархан гэсэн үг.  Энэ бол давуу тал. Гэвч  мэдээллийн технологийн болон дэд бүтцийн хүртээмж сайн байна уу гэвэл бас үгүй. Төр гурвалсан үйлчилгээ татаж байгаа, хувийн хэвшлүүдийн татсан зарим шугам нь  стандартын шаардлага хангахгүй, агаараар явах жишээний. Мөн  сувагчлалаар явж байгаа дэд бүтцүүд арчилгаа тордолгоо муу, зам талбайн эвдрэлийг дагаад гэмтчихдэг. Бас зарим багуудад шилэн кабел огт татаагүй байх жишээтэй.  Энэ мэт сул тал бий ч засч шийдээд явбал цаашид гарах эерэг үр дүн олон бий.
-“Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн зорилт  юу вэ? 
-Хөтөлбөрийн үндсэн зорилгодоо тулгуурлаад бид 5 чиглэл гаргасан. Үүнд бизнесийн, нийгмийн, инженерийн, үйлчилгээний гээд бүх асуудал багтсан.  Ер нь “Цахим Эрдэнэт1” хөтөлбөр  бол үндсэн бэлтгэл хөтөлбөрийн суурь ч  гэж ойлгож болно. Дараа нь 2024 онд тухайн үеийн технологийн өсөлт энэ хөтөлбөрийн үр дүн дээр хэрэгжих ёстой байгаа. Иймд бид “Цахим Эрдэнэт 1”  гэж нэрлэсэн. 2021-2024 онд хүртэл хэрэгжинэ. Эхлээд хэрэгжих энэ хөтөлбөрийн үр дүнд камерын систем нь бүрэн дүүрэн ажиллагаатай, мэдээллийн технологийн өндөр хурдны  интернетийн дэд бүтэцтэй,   мэдээллийн аюулгүй байдлын хадгалалт сайн,  эрчим хүчний салбарын төлбөрийн систем нь хялбар, хяналттай болсон байх гээд эхлэлийн сууриа сайн тавьсан байх ёстой байгаа.  Тодруулбал,  “Цахим Эрдэнэт 1” нь хөтөлбөрийн үр дүнд манай хот өөрөө ямар юм, иргэд нь яаж амьдардаг юм,  эдийн засаг, нийгмийн  орчин нь хэр зэрэг юм, цахим, ухаалаг технологийн дижитал шилжилт ямар түвшинд байгааг тодорхойлно гэсэн үг.

Нэгд,  мэдээллийн технологийн хөгжингүй хот болно. Энэ нь харьцангуйгаар ярьж байгаа шүү. Дэлхийн хэмжээнд биш юмаа гэхэд монгол улсдаа тодорхой хэмжээнд.

Хоёрт, зам тээврийн хувьд аюулгүй, таатай хот болох.

Гуравт, эрчим хүчний хувьд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хяналттай төлбөрийн систем сайтай хот болох.

Дөрөвт, хог хаягдлын менежмент түүнийг дагасан эдийн засгийн эргэлтэд оруулсан хот болох.

Тавт, бизнесийн таатай орчин  бүрдэх том чиглэл бий.

– Өмнө нь баталж байсан “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрт технологи, электроникийн асуудлыг тусгасан байсан. Гэвч үр дүнд хүрээгүй. “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөр тэр алдааг давтахгүйн тулд ямар аргачлалаар ажиллах вэ?
-Энэ хөтөлбөр хэрэгжих үү, үгүй юу хүндээ хүрэх үү, хүрэхгүй юу гэдэг нь бидний хийсэн ажлын аргачлалаас хамааралтай. Ингэхийн тулд хэрэглэгчээ бэлтгэх, мэдээллээр хангах, ач холбогдлыг нь ойлгуулахад анхаарч ажиллана.  Бид  2023 онд хийх ажлыг өнөөдрөөс ярьж эхлэх шаардлагатай.  Маргааш таны амьдралын  хэв маягт ийм өөрчлөлт орох гэж байна, сайжрах гэж байна гэдгийг эрт ярьж таниулж чадвал иргэндээ хүрнэ. Харин “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн хувьд технологи, электроникийн асуудлуудыг хөндсөн ч  хэрэгжүүлэх аргачлал,  төлөвлөгөө, гүйцэтгэх ажиллагаа дээрээ учир дутагдалтай байсан болов уу гэж хардаг.
Мөн  “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийг төр дангаараа хэрэгжүүлэхгүй. Энд төслийн нэгж гэж бий. Төслийн нэгжийг олон улсын байгууллагаас байгуулсан учир хамтрах олон байгууллага байгаа.
-Одоогоор эхэлсэн ажил байна уу. Дурдвал ?
– Хог хаягдлын менежментийг сайжруулах төсөлд  хөрөнгө оруулалтыг нь гаднаас авах талаар судалж ажил нь нэлээн эрчимтэй явж байна. Нийтийн тээврийн маршрут, хүртээмж, чанарын талаар судалгаа хийгээд төслийг нь бэлтгээд дараагийн шатандаа шилжсэн. Мөн  эрчим хүч, мэдээллийн технологийн  компаниудыг орон нутагтаа татах, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлын  төлөвлөлтүүд гээд эхэлсэн ажлууд олон байна.
-Энэ сарын 19, 20-нд “Эрдэнэт хөгжил 2021” эдийн засгийн форум болох гэж байна. Энэ форумын үеэр “Цахим Эрдэнэт1” хөтөлбөрөө танилцуулахуу?
-Танилцуулна. Энэхүү форумаар Орхон аймгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг үндсэн гурван сэдвээр хөндөнө. Нэгдүгээр технологи. Үүнийг ярихын тулд  “Цахим Эрдэнэт – 1” хөтөлбөрөө мэдээлнэ. Энэ хөтөлбөрийн дагуу бид  мэдээллийн технологийн хөгжилд суурилсан хөгжлийн төлөвлөлтөө гаргасаныгаа танилцуулна. Мөн шинжлэх ухаан, судалгааны үр дүн, инноваци, технологийг бизнесийн салбарт өргөнөөр дамжуулж эдийн засагт тодорхой үр өгөөж авчрах зорилтдоо уялдуулан төслүүдээ мэдээлнэ. Хэлэлцүүлэг өрнөнө. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын санал бодлыг сонсоно. Өөрөөр хэлбэл, технологи, инноваци ба мэдээллийн технологи, хүний нөөц гэсэн  хэлэлцүүлгүүдийн хүрээнд олон санал, санаачилга гарах байх гэж бодож байна. Үүнийг “Цахим Эрдэнэт1” хөтөлбөрийн төлөвлөгөөтэй холбоно.
-Эрдэнэт хотын хөгжлийн асуудлыг гурван сэдвийн хүрээнд ярина гэлээ. Та сая эхнийхийг нь танилцууллаа. Үлдсэн хоёр сэдэв нь?
–  Хоёрдугаарт түншлэл. Орон нутгийн эдийн засагт олон улсаас эхлээд, үндэсний болон орон нутгийн бүхий л шатанд таатай түншлэл, хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал чухал юм. Энэ агуулгаар түншлэл, эдийн засаг, бизнесийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна.
Гуравдугаарт хөрөнгө оруулалт. Форумаар цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинээр хөгжүүлэх шаардлагатай байгаа гарааны бизнес болон түүний г гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын шинэ сэдвийг мөн хөндөж ярина. Эдгээр гурван чиглэлийн 4 хэлэлцүүлэг нь форумын үндсэн үйл ажиллагаа болох болно.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.